Мари Кондо
Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид: Салан задгай байхаа больж эмх цэгцтэй амьдрах япон ухаан
- 238
Их ажлын дараа ядарч сульдсан хүн гэртээ ирэхэд өглөө тайлаад шидсэн хувцас хунар энд тэндгүй хөглөрч, угаагаагүй аяга таваг ширээн дээр овоорч, ноолорч навсайн, ундуй сундуй болсон бүгчим агаартай бүүдгэр орчин өөдөөс тань угтвал яах вэ? Мэдээж таатай байхгүй. Ядарч сульдсан бие тань улам сулбайж, уур уцаартай болно. Эсрэгээрээ, анхилуун үнэр хамар сэнгэнүүлж, шил толь шиг гялалзсан цэвэр цэмцгэр гэр орон угтвал яах вэ? Мэдээж таатай байна. Ядарч сульдсан бие тань сэргэж, сэтгэл санаа тань тайвширч амарна. Гэвч өдөр бүр цэвэр цэмцгэр гэр орон угтдаг билүү? Бидний ихэнх нь амралтын өдрүүдэд гэр орноо гараа гарган цэвэрлэж, цэгцэлдэг ч нэг л мэдэхэд эргээд хөглөрчихсөн байдаг шүү дээ. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй айл өдөр бүр цэвэр цэмцгэр байна гэдэг боломжгүй. Гэхдээ хүлээгээрэй. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр үргэлж цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй амьдрах боломж ч бас байдаг аж. Үүнийг Кондо Мариэ хэмээх цэвэрлэгээний мэргэжилтэн бүсгүй өөрийн болоод үйлчлүүлэгчдийнхээ амьдралын туршлагаар батлан харуулжээ. Гагцхүү зөв арга барилаар эмхэлж цэгцлэх хэрэгтэй гэнэ. Тэрбээр “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номоороо дамжуулан “гэр болон албан тасалгаагаа дахин хэзээ ч хөглөрөхгүй байхаар нэг л удаа цэгцлэх арга”-ыг танилцуулжээ. Кондо Мариэ номдоо “Юун түрүүнд хэрэгцээгүй зүйлсээ хаях хэрэгтэй. Түүний дараа нэг дор, богино хугацаанд, бүрэн гүйцэд эмхлэн цэгцлээрэй. Энэ бүгдийг зөв арга барил, зөв дэс дарааллаар хийж гүйцэтгэвэл таны гэр орон дахин хэзээ ч хөглөрөхгүй” гэсэн байна. Таван настайгаасаа эхлэн эмхэлж цэгцлэх ажилд шимтэн дурлаж, энэ талаар уншиж судлан, төрөл бүрийн арга барил туршиж үзсэний үндсэн дээр боловсруулсан түүний арга барилыг хэрэгжүүлээд эмх цэгцтэй болж, гайхамшигтай гэмээр ид шидийг амьдралдаа бий болгосон хүмүүс Японд төдийгүй дэлхий даяар олон болжээ. Үүнийг бичигч миний бие ч бас уг номыг уншаад, арга барилыг нь хэрэгжүүлэн, олон гайхамшигтай үр дүнд хүрснээ өгүүлэхэд таатай байна. Мянга сонсохоор нэг үз гэж манай ард түмэн ярьдаг шүү дээ. Тэгэхээр би олон юм нуршихаа больё. Уншигч авхай та өөрөө номоо уншаад, хэрэгжүүлээд үзээрэй. Номоо уншиж байх хугацаандаа та гэр орноо эмхэлж цэгцлэх хүсэлд эрхгүй автана гэдгийг, тэгээд ид шид мэт гайхамшигтай үр дүнд хүрнэ гэдгийг итгэлтэй хэлэх байна.
9789997313416
158 / M 30